2017 онд ”Цагаан Цахир” орд дээр ашиглалтын хайгуулын ажлаар нийт 6,441т/м баганат өрөмдлөгийн ажил хийснээс X дугаар судал дээр 4281т/м өрөмдлөг явуулсан.
Хүдрийн биетийг 200 м хүртэлх гүнд нөөцийн үнэлгээ хийсэн байгаа ч хүдрийн биет илүү гүн үргэлжлэх хэтийн төлөвтэй юм. 2017 оны ашиглалтын хайгуулын үр дүнг ЖАЙКА (JICA)-аас гаргасан үр дүнгийн тайлантай харьцуулан үзэхэд хүдрийн биетийн зарим хэсэгт илүү өргөн бөгөөд өндөр агуулгатай болох нь тогтоогдсон. (Албан ёсны хүсэлтийн дагуу тайланг үзэх боломжтой). Ордын нөөцийн зэрэглэлийг ахиулах болон нөөцийг нэмэгдүүлэхэд нэмэлт ашиглалтын хайгуулын ажил хийх шаардлагатай.
2017 онд I ба X дугаар судлуудад өрөмдлөгийн ажил явуулснаар ”Цагаан Цахир” ордын алтны агуулга болон нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу үнэлсэн. Өмнөх бүх шатны судалгаанаас үзэхэд, I болон X дугаар судлуудын гүний хэсэг болон зэргэлдээх судлууд хэтийн төлөв сайтай болох нь судалгааны ажлаар тогтоогдсон.
ЖОРК Тайлан
Тайланг RPM Global олон улсын компани хийж гүйцэтгэсэн ба ЖОРК стандартын дагуу үнэлсэн нөөцийг нэмэлт ашиглалтын хайгуулын ажлаар нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хүдэржилтийн онцлог шинж чанарыг судалж ”Цагаан Цахир” орд нь ороген гаралтай кварцын судал дахь алтны үндсэн орд болохыг дахин баталгаажуулсан. Одоогийн байдлаар өрөмдлөгийн ажлыг 200 м хүртэлх гүнд хийж гүйцэтгэсэн тул дахин нэмэлт өрөмдлөгийн ажил хийсэн тохиолдолд ордын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой талаар RPM Global дурдсан.
Цаашилбал RPM Global дурдсанаар I дүгээр судал агуулагдах хүдрийн биет нэгдүгээр төвшинд 430 орчим м, хоёрдугаар төвшинд 630 орчим м урт хэвтээ хүдрийн биетүүд байх боломжтой гэж үзсэн. Гуравдугаар төвшин болон түүнээс цааш ч ижил төсөөтэй хүдрийн биетүүд мөн байх боломжтой.