Хэрвээ танд Наран Мандал компанийн үйл ажиллагаатай холбоотой биднээс асуух зүйл байгаа бол доорх хаягаар холбогдоно уу. [email protected]
“Наран Мандал” ХХК-ийн нээлттэй ажлын байрны мэдээллийг хаанаас мэдэж, ажилд горилогчийн өргөдөл бөглөж өгөх вэ?
Манай компани нь Хүний нөөцийн хэлтэстэй бөгөөд Ажилтан шалгаруулж авах журмын дагуу хүний нөөцийн бүрдүүлэлтээ бий болгодог. Улаанбаатар хотын оффис, хөдөө уурхайн хээрийн ангид байнгын хүний нөөцийн хэлтсийн ажилтнууд ажилладаг тул өөрийн ойр байрлах газраасаа өөрийн биеэр ирж, нээлттэй ажлын байрны мэдээллийг авах боломжтой. Мөн Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст нээлттэй зарлагдсан ажлын байрны мэдээллээ тухай бүрд өгдөг байгаа. Ажилд горилогчдын анкетыг компанийн веб сайтаас файл хэлбэрээр татаж авахаар байршуулсан байгаа.
Танай компани төсөл хэрэгжүүлж буй сумандаа ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ?
Манай компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан цахир хэмээх алтны үндсэн ордын далд уурхайн үйлдвэрлэлийн олон улсын төсөл. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн үйл ажиллагаа явуулж буй аймаг, орон нутгийн төр захиргаа болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ард иргэд, малчид хөдөлмөрчидтэй нягт хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд , дэд бүтцийн салбарт шат дараатай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Бид нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй, ажилтнаа дээдэлсэн ёс зүйтэй уул уурхайн компани болохын төлөө хичээн ажиллаж байна.
Танай компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямар зарчим дээр тогтдог вэ?
Манай компани эрүүл мэнд, аюулгүй ажиллагаандаа Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, бусад холбогдох хууль дүрэм, журмуудыг баримталж ажилладаг. Бид гадна дотнын мэргэжлийн байгууллагуудаар хөндлөнгийн хяналт аудит, шалгалтыг хийлгэж, дүгнүүлдэг байгаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар салбарт түлхүү анхаарч хөрөнгө оруулах зорилттой вэ?
Аливаа уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд түлхүү анхаардаг салбар бол монгол улсын ирээдүй хойчийн мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийж, чадвартай боловсон хүчний нөөцөд өөрсдийн хувь нэмрээ оруулах сонирхолтой байдгаас гадна, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч ажиллагсдын тоо чанарыг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажилладаг билээ. Мөн үйл ажиллагаа явуулж буй тухайн бүс нутгийнхаа дэд бүтцийн салбарт түлхүү анхаардаг зарчмыг мөн адил баримталдаг.
Байгаль орчин, хог хаягдлын менежментийн талаар мэдээлэл өгнө үү?
Бид хариуцлагатай хог хаягдлын менежментийг дагаж мөрдөн, хог хаягдлын төлөвлөгөөний дагуу уурхайн хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой эсвэл боломжгүйгээр 2 ангилж хаядаг. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг аймгийн хог хаягдал дахин боловсруулах аж ахуйн нэгжээр дамжуулан тээвэрлэлт хийн бүтээгдэхүүн боловсруулахаар хүргэж өгдөг. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг Баянхонгор аймгийн хот тохижилт, тээвэрлэлтийн “Цэвэр хот”ОНӨҮГ-ийн журмын дагуу ландпилийн болон шатаан устгах зориулалтын дагуу устгадаг.
Аймаг, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтарч ажилладаг уу?
Бид тухайн орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон малчид тариаланчаас гол төлөв өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ худалдан авах зорилготой. Бид аймгийн иргэдийг зөвхөн ажлын байраар хангаад зогсохгүй тухайн орон нутгийн малчдаас эрүүл ахуйн шаардлага хангасан мах, сүү болон сүүн бүтээгдэхүүний худалдан авалт хийхээр зорьж, шаардлагатай эрүүл ахуйн дүрэм журмуудыг боловсруулж, стандартыг хангуулах тал дээр ажиллаж байна.
Танай компанийн байгаль орчин, нөлөөллийн бусад ажилд орон нутгийн иргэд малчид хэрхэн хамтарч ажиллах боломжтой вэ?
Бид ПР,Олон нийттэй харилцах хэлтсээрээ дамжуулан компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажлаа төлөвлөн, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт чиглэсэн, мөн малчдын амьжиргааг дэмжсэн олон арван төсөл хөтөлбөрүүдийг санаачлан шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ нь малчид, орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дэмжсэн олон талт хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Малчдын төлөөлөл болон төр захиргааны байгууллагын албан хаагчдаас авсан санал хүсэлтийг эдгээр зорилтот ажилдаа хэр хэмжээгээр нь тусгахыг зорьдог.
Танай компанийн хөрөнгө оруулагчдын мэдээллийг хаанаас олж үзэх боломжтой вэ?
Манай төслийн хөрөнгө оруулагчдын мэдээллийг компанийн цахим хуудас болон олон нийтэд тараах компанийн танилцуулга брошур зэргээс авах боломжтой. Мөн Монголын хөрөнгийн биржийн мэдээллийн сайтаас авах боломжтой.
Танай компанийн үйл ажиллагаа, сум болон аймгийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Бидний уурхайн өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бичгийн хэрэгсэл, бензин шатахуун, ажилчдын хоол унд, хувцас хэрэглэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, эм тариа, хүнсний бүтээгдэхүүн, хөдөлмөрийн багаж зэвсэг, барилгын материал гээд бүхий л бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг аймаг орон нутагтаа хийдэг.Эдгээрээс гадна уул уурхайн олборлолт явуулдаг аливаа аж ахуйн нэгж, тухайн аймаг орон нутагтаа байгаль орчин, усны төлбөр, тээврийн хэрэгслийн даатгал зэрэг бүхий л татваруудыг бас төвлөрүүлдэг. Энэ нь цаад утгаараа аймаг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдээр дамжуулан мөнгөний урсгалыг хөдөөд дэмжиж буй нэг хэлбэр юм.
Танай компани усны менежментийн бодлоготой юу?
Бид хариуцлагатай, үр ашигтай усны менежментийн бодлогыг уурхайн олборлолт болон бусад өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг. Манай уурхай нь усны хэрэглээг сайтар хянаж, үйл ажиллагааныхаа хэрэгцээнд ашигладаг бөгөөд баяжуулах үйлдвэрт суурилуулсан систем нь үйлдвэрт ашиглагдаж буй усны 92 хүртэлх хувийг дахин ашигладаг. Бид кемпийн худгууд, ойр орчмын гадаргын болон усны сав газраас усны дээжүүдийг байнга авч, усны чанарт хяналт тавьдаг.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө бий юу?
Манай байгаль орчин менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөөцийн менежментийг тасралтгүй сайжруулахад чиглэгдсэн. “Наран Мандал” компани нь ажилчид, гэрээлэгчдийг байгаль орчны хамгийн өндөр стандарт, шилдэг туршлагуудаар сургадаг. Бид байгаль орчны менежментийн тэргүүлэгч байхыг тулд байгаль орчны мониторингийн үйл ажиллагаагаа байнга сайжруулж, шинэчилдэг.
Наран Мандал компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хандлага баримтлал юу вэ?
Бид ажилтнууд, гэрээлэгч нарынхаа эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахаар онцгой анхаарч ажилладаг. “Наран Мандал” ХХК нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг компанийн оршин тогтнол, хөгжлийн амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд аюулгүй, гүйцэтгэлтэй “Тэг осол” ажлын орчин, байгууллагын соёлыг нэвтрүүлэхээр зорин ажилладаг. Компани эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаарх Монгол улсын хууль, журамд нийцүүлэн хичээн ажилладаг ба аюулгүй ажиллагааны олон улсын туршлага, стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Цаашид уурхайн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үү? Ажлын байр нэмж бий болгох уу?
Бид энэхүү “Цагаан цахир”төслөөс гадна уул уурхайн дэлхийн стандартыг Монголын хөрсөнд нутагшуулсан олон сайхан төслийг бий болгож, бүтээн байгуулалт хийх эрхэм зорилготой. Энэ хэрээр бид орон нутагт тогтвортой ажлын байр бий болгож, бүс нутагт чиглэсэн дэд бүтцэд чиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно.
Цаашид аймаг орон нутгийн дэд бүтцэд чиглэсэн ямар ажлуудыг санхүүжүүлж, бүтээн байгуулах вэ?
Бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц болон малчдын амьжиргааг дээшлүүлэх өөрсдийн бизнесийн зорилтын хүрээнд ажиллах төлөвлөгөөтэй.